National Partners

International Partners

MT_ILine

Хэдэн мянганы тэртээгээс өөрсдийн унаган соёлоо бүрдүүлж, хадгалан яваа нүүдэлчин, малчин ард түмэн өнөөгийн Монголын аялал жуулчлалын хөгжил дэвшлийн нэг гол тулгуур болж байна. Монгол орон дэлхийн аялал жуулчлалын зах зээлд төдийлөн танигдаагүй шинэ зорих газруудын нэг. Хэдий тийм боловч жилд дунджаар 400 000 гаруй жуулчин /улирлын чанартай/ хүлээн авч, ДНБ-ний 10 хувийг дангаар хангаж Монгол улсын хөгжлийн тэргүүлэх үйлдвэрлэлүүдийн нэг болоод байна.

Иргэншсэн амьдралаас зугтаж илүү байгальд тэмүүлэх болсон өнөөгийн жуулчдын хэрэгцээнд бүрэн нийцэж байгаа Монголын аялал жуулчлалын зорих газар, үзмэр нь хөгжлийн томоохон давуу тал болж байгаа хэдий ч нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтгүй, аялал жуулчлалыг хялбараар мөнгө олох арга зам гэж үзэж, хүссэн хүн бүр өөрийн дураар аялал жуулчлалын бизнесийг хөтлөн явуулах болсон нь энэ салбарт тулгараад буй хамгийн том бэрхшээл болоод байна.

Энэхүү бэрхшээлийг даван туулахын тулд тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалын хөгжилд хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байгаа билээ. Монголын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн ерөнхий зарчим нь унаган байгаль, уламжлалт соёлоо хадгалан хамгаалж авч үлдэх, хүмүүсийн ухамсаргүй үйл ажиллагаанаас үүдэн гарсан сөрөг өөрчлөлтүүдийг нөхөн сэргээх, аялал жуулчлалын гол үндэс болсон нутгийн иргэдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах явдал юм. Үүнийг бодлого, төлөвлөлттэйгөөр зохион байгуулж нутгийн иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тэдэнд өөрсдөөрөө бахархах, уламжлалт соёлоо хадгалан авч үлдэх хүслийг төрүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагааг байгаль хамгаалах хэрэгсэл болгон ашиглах боломжтой болно.

Монгол орны нөхцөлд дээрх зарчмыг хэрэгжүүлэхэд тун энгийн бөгөөд нэг талаас нүүдэлчдийн өдөр тутмын энгийн амьдрал нөгөө талаас үүнийг үзэх гэсэн жуулчдын сонирхол гэсэн нэгэн үзүүрт зангилагдаж буй хоёр хүчин зүйлийг зөв зохистой удирдан залж, зохион байгуулснаар амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төвийн зорилго, зорилт энэхүү зарчимтай бүрэн нийцэж байгаагийн хувьд тус төв нь Монголын аялал жуулчлалын салбарынхны дунд гүүр болж, аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байна.

Манай блог хаяг

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Сэтгүүлийн блог http://stdj.blog.banjig.net/

Залуус Өөрчлөлт Хийж Чадна клубын блог http://www.ycmd.blog.banjig.net/